2010-02-24
Хэрхэн санаа зовохгүй амьдрах вэ?

Төгрөгийн ханш хэр удаан унах бол? Би сайн нөхөртэй болох болов уу? Хүүхэд маань жаргалтай амьдрах болов уу? Дэлхийн дулаарал улам ихэсвэл яана? … гээд та бидний санааг зовоох зүйл мундахгүй олон. Харин саяхан би “Сэтгэлийн зовиуртайгаа тэмцэж чадахгүй бол хүмүүс залуугаараа насан эцэслэдэг.” гэж анагаах ухаанаар Нобелийн шагнал хүртсэн доктор Алексик Каррель хэлснийг олж уншсан юм. Үнэхээр ч ямар нэг зүйлд байнга санаа зовох нь олон муу үр дагавартай аж. Тухайлбал: зүрхний шигдээс, ходоодны шарх, мэдрэлийн өвчлөлүүд, цусны даралт гээд дурьдаад байвал өнөө цагт биднийг айлгадаг ихэнхи өвчний нэр энд дурьдагдана. Энэ олон өвчний үндэс нь санаа зовох л байдаг гэж бодохоор хүн бүрийн толгойд санаа зовохгүй амьдарна гэж юу байхав дээ хүний амьдралд янз бүрийн юм тохиолддог шүү дээ гэсэн бодол орж ирэх биз ээ. Тэгвэл үнэхээр санаа зовохгүй амьдарна гэдэг боломжгүй зүйл юм гэж үү? Үүний хариуг олохоор ном сонин эргүүлж үзэж байгаад Америкийн нэрт сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач, зохиолч Дейл Карнегийн “Яаж санаа зовохгүйгээр тайван амьдарч эхлэх вэ?” гэсэн номыг оллоо. Хэдийгээр юунд ч санаа зовохгүй амьдарна гэдэг үл гүйцэлдэх боломжгүй зүйл биз дээ гэж бодож байсан ч энэ номыг уншихаар шийдлээ.

Номыг унших явцад үнэхээр авууштай санаа маш олон байлаа. Уг номонд олон их сургуулиас профессор цол хүртэж, олон алдартай ном зохиосон Уильям Ослерийн амжилтийн нууц зөвхөн өнөөдрийн өдрөөрөө л амьдрахаар тэмүүлсэнд байсан гэж өгүүлжээ. Тэр өнгөрсөний ч, ирээдүйн ч төлөө санаа зовдоггүйд бүх учир оршино гэжээ. Бид үргэлж л өөрийн өнгөрсөнд харамсаж,  ирээдүйн төлөө догдолж санаа зовж байдаг. Ийм их ачааг өөр дээрээ үүрч явбал та, би, өөр нэг булиа хүчтэй хэн ч байсан сөхрөөл унана шүү дээ. Иймээс бид өөрийг энэ бүхнээс тусгаарлаж ирээдүй зөвхөн өнөөдөрт л байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингээд хэлэхээр танд бас бид маргаашийн тухай санаа зовох хэрэгтэй, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө санаа тавих хэрэгтэй гэж бодогдоно. Надад ч бас эхэндээ тэгж л бодогдсон. Зөв л дөө. Гэхдээ ч санаа зовох, аливаа юмыг бодож төлөвлөнө гэдэг чинь тусдаа зүйл. Бид өөрсдийн болон гэр бүлийнхээ ирээдүйн тухай бодож, эргэцүүлэн тунгааж, бэлтгэж төлөвлөх ёстой. Харин сэтгэлээ зовоох хэрэггүй.

Тэгвэл сэтгэлийн зовиураас хэрхэн ангижрах вэ? Энд нэгэн томьёог бичжээ. Хамгийн нэгдүгээрт тохиолдож болох зүйлсийн хамгийн муу нь аль вэ? гэж өөрөөсөө асууж үүнтэйгээ эвлэрэх хэрэгтэй бөгөөд үүний дараа байдлыг хэрхэн сайжруулах вэ? гэдгийг бодох хэрэгтэй гэжээ. Мөн энэ аргыг хэрэглэж өөрийнхөө амьдралыг аварсан хүмүүсийн жишээ их олныг дурьджээ. Уг номыг уншиж байхдаа би өөрөө ч мэдэлгүй энэ аргыг хэрэглэсэнээ олж мэдсэн юм.

Ахлах ангийн хүүхдүүдийн хувьд дунд сургуулиа хэрхэн амжилттай төгсөх вэ? яаж элсэлтийн шалгалтаа амжилттай өгч хүссэн сургуульдаа орох вэ? гэсэн асуудлууд байнга сэтгэлийг нь зовоодог. Би ч бас үүнийг тойрч биш дайраад л өнгөрсөн. Бүгдээрээ л их ядардаг. Гэхдээ шалгалтандаа их бэлдсэнээсээ бус харин санаа зовсондоо л их ядарсан байжээ. Бүх шалгалтуудаа өгч дуусаад ангийнхантайгаа зугаалгаар явлаа. Шалгалтын хариу нь хараахан гараагүй байсан ч бид бүгдээрээ за одоо яадаг байсан ч өнгөрсөн хэрэг, дүн ямар ч гарсан байсан бид чадах бүхнээ хийсэн аль нэг сургуульд орно биз дээ гэж бодоцгоогоод үнэхээр сайхан амарсан. Тэр үед л санаа зовох гэдгийг таг мартаж билээ. Дараа нь хариу гарахад бүгд сэтгэл хангалуун хүссэн сургуульдаа орцгоож, ирээдүйдээ итгэх гүн итгэл тээсээр амьдралын их далай руу өөр өөрийн замаар нисэн одоцгоосон. Энэ бол бид болж болох хамгийн муу зүйлтэй эвлэрч өөрсдийгөө сэтгэл зүйн хувьд бэлдсэний үр дүн байжээ.

Энэ номонд тусгасан бас нэг чухал санаа бол сэтгэлийн зовиур уйтгар гунигийг өөөрөөсөө зайлуулахын тулд үргэлж завгүй байж мөн нэгэнт л болоод өнгөрсөн зүйлд харамсахгүй  байх хэрэгтэй гэсэн санаа юм. Нэг талаараа хүн өөрөө итгэлээрээ амьдардаг сэтгэлийн амьтан шүү дээ. Үргэлж л хөдөлж өөрийгөө завгүй байлгадаг хүн барагтаа бол өвдөөд байдаггүй. Харин гэртээ суугаад өөрийгөө чагнаж суудаг хүнийг өвчин байнга эрж байдаг. Тэгвэл яагаад завгүй байдаг хүн бараг өвдөггүй юм бол? Үүнийг сэтгэл зүйн гол хуулиудын нэгээр тайлбарладаг ажээ. Хамгийн сод ухаантай хүн ч нэг цаг хугацааны нэгэн хоромд нэгээс илүү зүйлд бодлоо төвлөрүүлж чаддаггүйд гол нууц нь оршдог байна. Үнэхээр бид нэгэн зэрэг хоёр зүйлийг бодож чаддаггүй. Харин нэг нэгээр нь бол болно. Иймээс л бид өөрсдийгөө завгүй байлгаснаар элдэв санаа зовоосон асуудлаас өөрийгөө тусгаарлаж чадна.

Энэ номыг уншиж байхад нээрэн ч тийм дээ гэх бодол их төрч байлаа. Хэдийгээр том, зузаан ном биш боловч та бидний сайн мэддэг хэрнээ амьдралдаа хэрэглэж чаддаггүй зүйл их байв. Эрхэм танд ч гэсэн энэ номыг уншихыг бас зөвлөж байна.

Анх хэлсэнчлэн та бидэнд санаа зовох зүйл мундахгүй. Гэхдээ бид сэтгэлээ зовоолоо гээд үнэндээ юунд ч хүрэхгүй шүү дээ. Хамаг хүч чадал, цаг зав, эрүүл мэндээ дэмий юманд л үрж байна гэсэн үг. Хүн шалихгүй юмны төлөө таван минут түгшихэд сэтгэл санаа тавгүйцдэг гэж Иель, Пенсильванийн эрдэмтэд үзэж байгаа тухай мэдээ ч бий. Тэгэхээр санхүүгийн хямрал хаа сайгүй нүүрлэж байгаа юм чинь би удахгүй халагдаад ажилгүй болчих байх одоо яана аа.. гэж өөрийгөө зовоох огтхон ч хэрэггүй. Та өнөөдөр ажилтай байгаа юм чинь ажлаа алдахаас юунд нь айдаг юм? Хэрвээ тийм муу юм болвол дахиад л ажилд орчихож болно, учир нь би бол чадварлаг ажилтан шүү дээ гэж бодох хэрэгтэй. Харин ажлаас халагдах, санхүүгийн хүндрэл, хөгширсөн хойно бие муудах зэрэг ирээдүйн асуудалд түгшиж, одоогийн амьдралаа гутаах хэрэггүй. Тэгэхээр та Бобби Макферриний дуулдаг шиг “Don’t Worry, Be Happy!” буюу “Юунд ч сэтгэл зоволгүй, жаргалтай амьдраарай!”.

Өчигдрийнхөө алдсанд бүү гашууд, хүн чи

Өнөөдрийн үйлээ маргаашийнх гэж  бүү хэмж

Байсан юмс, айсуй мөчид ч бүү итгэ

Байгаа энэ хоромдоо л итгэж, жаргаж ав одоо!                   / Омар Хаям /



Бичсэн: uugii | цаг: 21:24 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


баярлах
Бичсэн: Зочин цаг: 15:10, 2012-02-09 | Холбоос | |


smile
horwoo delhii uudam hiih yum ih bna gd g Kim U Junii nomon deer bdg shu dee. Bi bur 11 jiliin omno unshij bsn.
Бичсэн: Зочин цаг: 15:29, 2011-12-16 | Холбоос | |


Дэмжиж байна. 100% үнэн шүү тэврэлт
Бичсэн: Melody цаг: 16:43, 2010-02-25 | Холбоос | |


ene nomiig hed hed unshdag yum
jildee 3,4 unshchdiin
shireenii nomnuudiin neg l ddee
uu tiin nehh goyo yg bdiin kin Y jin ii 'Busad hymyys uharch naytsah ter l yed ta zogsoltgyigeer uragshilj bersheeliijg amjilt bolgoj temtseg, daichin bh yosoti . iim l hyn ajiltand hyrdeg gej; haanaas bilee unshij bsiimaa
Бичсэн: Обдоо цаг: 12:35, 2010-02-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax