Сэтгэл гутрал нь тайван тогтвортой нөхцөл байдлаас идэвхигүй, эмзэг ,сул дорой байдал руу шилжих сэтгэцийн үйл явц юм. Хэн нэгнийг сэтгэл гутралтай гэж оношлохын өмнө хэсэг хугацааны туршид тодорхой шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг ажиглах хэрэгтэй.
Сэтгэл гутралын үед гуниглах, гутрах, сэтгэлээр унах, түгшүүрлэх, сэтгэл тавгүйтэх зэрэг илрэл бүхий сэтгэлийн сөрөг хөдлөл үүсдэг. Сэтгэл гутралын үед бодол санаа, үг яриа, үйлдлийн хурд удааширна.
Мөн тэдний зориг эрмэлзэл, дур хүсэл сонирхол, хэрэгцээ, идэвх санаачлага унтардаг. Удаан хугацаагаар уруу царайлан суух юм уу эсвэл орондоо буруу харан хэвтэх, хоолны дуршилгүй болох буюу бэлгийн сэрэл нь буурдаг. Тэд удаан сэтгэж, нам дуугаар, цөөн үгээр зөөж, тасалдуулан ярьдаг. Ихэнх тохиолдолд асуултанд давтан асуусны дараа “тиймээ”, “үгүй” гэхчилэн ганц нэгэн үгээр хариулна. Өнгөрсөн одоо, ирээдүйн тухай гутранги үзэлтэй болдог. Тэрээр өөрийн сул тал болон амьдралд нь тохиолдсон явдлыг хэтрүүлэн үнэлж, өөрийгөө хэнд ч хэрэггүй мэтээр, хамгийн зовлонтой, хамгийн шившигтэй, хамгийн азгүй хүн гэх мэтээр үнэлдэг. Улмаар амиа хорлох бодол төрөх ба оролдлого хийдэг.
Цаашид эдгээр бодлууд нь улам сөрөг, гутрангуй болсноор өдөр тутмын хийдэг зүйлсээсээ холдох, хүмүүсээс зожигроход хүргэдэг байна. Энэхүү хэв маяг нь ихэнхидээ “сэтгэл гутралын “уруудах эргүүлэгт” хамаарагддаг бөгөөд энэ нь өөрөө өөрийнхөө сэтгэл санааг өөд нь татаж, сэтгэл гутралаас гарахад нь яагаад тийм их хэцүү байдгийг тайлбарлахад тус болдог юм.
Сэтгэл гутралын үед симпатик мэдрэлийн хүчдэл ихсэж болно. Үүнээс болж хүүхэн хараа өргөсөх, өтгөн хатах, зүрхний цохилт олшрох, турах эсхүл жин нэмэх гэх мэт шинжүүд бие махбодийн талаас илэрнэ.
Тэдэнд ямар ч үнэт зүйлс байхгүй мэт сэтгэгдэл нь дараах сэтгэлзүйн хариу үйлдлээр илэрнэ:
- Өөрийгөө бага үнэ цэнэтэй хэмээн мэдэрнэ
- Өөрийгөө ямагт чамлана, дорд үзнэ, өөртөө итгэлгүй болно
- Үргэлж сэтгэл дундуур, гутранги үзэлтэй байна
- Үргэлж ичиж зовно, хүрээлж байгаа хүмүүсээ “өөрийгөө шоолж байна” гэж сэжиглэнэ
- Ичиж зовдгоосоо болж хүмүүсээс хөндийрнө
- Өөрийнхөө мэдрэмжийг гадагш нээдэггүй, бусдад илчилдэггүй, зөвхөн сэтгэл дотроо хадгалж, түгжигдмэл хаалттай харьцаатай байна
- Аймхай шийдэмгий бус, хулчгар, тээнэгэлздэг, зориггүй зан төлөвтэй болно
- Зорилго тавих, түүндээ хүрэх хүсэл эрмэлзэл, энерги нь суларна
Ажил,гэр бүл, найз нөхдийн харилцаанд тухайн өдөр ямар нэгэн таагүй зүйл тохиолдвол сэтгэл санаа тавгүйтэж, өөртөө юм уу хэн нэгэнд гомдох, уурсан бухимдах, харамсах зэргээр эрч хүчээ алдах нь бий. Энэхүү сэтгэлийн хямрал бидний амьдралд тохиолддог хэвийн бөгөөд түр зуурынх билээ. Ийм хямралыг ямар нэгэн эмчилгээ шаардахгүйгээр бид өөрсдөө бүрэн даван туулах боломжтой.
Хэрвээ таньд эдгээр мэдрэмж удаан хугацаагаар хадгалагдан та үүнээсээ гарч чадахгүй байвал өөр үр дүнтэй арга замуудыг эрэлхийгээрэй. Аль болох эрт үед нь өөрт хэрэгцээтэй сэтгэл санааны дэмжлэг туслалцаа авч тайтгарч чадвал төдийн чинээ түргэн хугацаанд хэвийн амьдралдаа буцан орж чадна.
Хэрэв танд сэтгэл гутралын шинж тэмдгүүд удаан хугацаагаар илэрч байвал өөрийгөө буруутган эсхүл хэн нэгэнд гомдон гуниглан суухын оронд үүнээсээ гарах арга замуудыг хайж, мэргэжлийн хүнд хандахад буруудахгүй.
Мөн орчин солих, сэтгэл зүйн зөвлөгөө бүхий ном олж унших, иога хийх, бас огт шашингүй бол өөрийн итгэж магадгүй аль нэг шашинд итгээд, бурханд нь залбираад, сургаалийг нь судлаад нэг үзээрэй.